Шинэ он ирэхэд бид ижил асуултыг өөрсдөөсөө асуудаг.
Би энэ жил амьдралаа яаж илүү чанартай болгох вэ?
Өөрийгөө арчилж, анхаарах нь хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй замуудын нэг юм. Гэхдээ гоо сайхан гэдэг заавал нүд гялбам савлагаа, шинэ тренд, эсвэл “секси” бүтээгдэхүүн байх албагүй. Заримдаа хамгийн их нөлөө үзүүлдэг зүйлс бол хэнд ч гайхуулмааргүй, бараг анзаарагддаггүй чимээгүй дадлууд байдаг.
“Сэтгэл татам биш” гоо сайхан гэж юу вэ?
“Сэтгэл татам биш” гоо сайхан гэдэг нь анхаарал татахын төлөө биш, Instagram-д постлох шаардлагагүй, гоё нэршил эсвэл сүржин амлалтгүй атлаа бие, арьс, сэтгэлд бодитоор нөлөөлдөг зүйлсийг хэлнэ. Эдгээр нь шууд “wow” мэдрэмж өгөхгүй байж болох ч урт хугацаанд арьсыг тайвшруулж, биеийг тэнцвэртэй байлгаж, өдөр тутмын амьдралыг илүү цэгцтэй, амар тайван болгодог.

1. Чийгшүүлэгч тос
Шинэ, сонирхолтой бүтээгдэхүүн турших нь сонирхолтой боловч хүйтэн улиралд арьсанд хамгийн хэрэгтэй зүйл бол тогтвортой чийгшил.
- Арьсыг тайвшруулж, хамгаалдаг энгийн найрлагатай тос
- Урууланд зориулсан өтгөн, хамгаалалтын бальзам
Эдгээр нь тансаг биш байж болно. Гэхдээ арьсанд аюулгүй, тогтвортой нөлөөтэй байхад л хангалттай. Гоо сайхны үндэс бол гяланцаг байх биш арьсны тайван байдал юм.


2. Агаар чийгшүүлэгч/ цэвэршүүлэгч төхөөрөмж

Өглөө хоолой хатсан, арьс таталдсан, хамар бөглөрсөн мэт мэдрэмж олон хүнд танил. Энэ нь ихэнхдээ арьс арчилгаанаас илүүтэй дотоод орчны агаарын хуурайшил, бохирдолтой холбоотой байдаг. Унтлагын өрөөнд чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч ашигласнаар арьсны чийгшил алдалт нь багасч, амьсгал илүү хөнгөрөн, унтах чанар мэдэгдэхүйц сайжирна. Ингэснээр өглөөний төрх илүү амар тайван, биеийн мэдрэмж хөнгөн болдог. Өөрийгөө арчлах гэдэг заавал тос түрхэх тухай биш амьсгалж буй орчноо анхаарах ч бас гоо сайхны чимээгүй, ухаалаг хэлбэр юм.

3. Хөлийн арчилгаа
Хөл бол өдөржин хамгийн их ачаалал авдаг атлаа хамгийн их орхигддог хэсэг. Гэтэл хөлийн арьсны хаталт, үрэлт, эвгүйрхэл нь өдөржин ядарсан, тухгүй мэдрэмж төрүүлдэг. Хөлийн арьсыг тогтмол зөөллөж чийгшүүлэх, орой унтахын өмнө анхаарах нь биеийн тав тух, өдөр тутмын сайн сайхан мэдрэмжийн суурь юм.
4. Усанд орох үеийн арчилгаа

“Everything shower” гэдэг ойлголт зүгээр нэг тренд биш. Усанд орох үе бол биеийг цэвэрлэхээс гадна стресс тайлах, мэдрэхүйг сэргээх чухал цаг юм. Гэхдээ энэ нь савангаар хурдан угаагаад өнгөрөх тухай биш. Арьсыг зөөлөн гуужуулах, цусны эргэлтийг идэвхжүүлэх, дараагийн чийгшилд арьсыг бэлдэх зэрэг алхмууд чухал. Ингэснээр усанд орох мөч бол гоо сайхны энгийн зан үйлээс давж, өөртөө анхаарал хандуулж, бие сэтгэлээ тайвшруулах бодит цаг болж хувирдаг.

5. Хуйхны арчилгаа
Хуйх бол арьсны нэг хэсэг. Хуйх хуурайшвал хагтай болж, тав тухгүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс хуйханд тогтмол, зөөлөн арчилгаа хийх нь үсний ерөнхий харагдах байдлыг сайжруулж, өдөр тутмын тав тухыг нэмэгдүүлэн, өөртөө итгэх мэдрэмжийг дэмждэг.
6. Амны хөндийн эрүүл ахуй

Инээмсэглэл бол гоо сайхны хамгийн хүчтэй илэрхийлэл. Гэхдээ энэ нь зөвхөн шүд цагаан харагдах тухай биш юм. Амны хөндийн эрүүл ахуй нь биеийн ерөнхий эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд үнэр, өдөр тутмын тав тух, өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг. Амны хөндийн арчилгаа нь өдөр бүр давтагддаг боловч хамгийн их үр дүн өгдөг арчилгаа юм.
7. Дотроосоо дэмжих дадал
Арьс, үс, хумс нь зөвхөн гаднаас арчлаад шийдэгдэх зүйл биш. Ус тогтмол уух, шим тэжээлтэй хооллох, шаардлагатай үед биеэ дотроос нь дэмжих дадал нь гадаад төрхийн хамгийн бат бөх суурь болдог. Гоо сайхан гэдэг нь түр зуурын өөрчлөлтөөс илүү доторх тэнцвэр, биеийнхээ дохиог анзаарч, сонсож сурах явдал юм.
Өвлийн улиралд ядрангуй, өнгөгүй харагдах мэдрэмж олон хүнд төрдөг ч үүнийг засахын тулд заавал хэт их зүйл хэрэггүй. Жигд, зөөлөн, байгалийн мэт өөрчлөлтүүд хангалттай. Энэ нь бусдад тэр бүр анзаарагдахгүй байж магадгүй ч өөртөө харахад ялгаа нь тод мэдрэгдэж, өдөр тутмын амьдрал илүү амар тайван болдог.

Эцэст нь…
2026 онд гоо сайхны тухай ойлголт илүү нам гүм, илүү ухаалаг болж байна.
Илүү ихийг биш зөвийг сонгох нь илүү үр дүнтэй.
Сэтгэл татам биш эдгээр сонголтууд:
- удаан нөлөөлөхүйц…
- амьдралд бодитоор хэрэгцээтэй…
- өөрийгөө хүндэлж байгаагийн илэрхийлэл….
Гоо сайхан гэдэг бол анхаарал татах биш, тогтвортой байдал юм.

Leave a comment